Menu

Товч түүх

      Сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн мэргэжилтэн бэлтгэдэг үйлчилгээний хүрээгээ улам өргөжүүлж, элсэлтээ нэмэгдүүлэх бодлого баримталж ирсэн. 1990 онд Багш, соёлын ажилтны тусгай дунд сургууль нэртэйгээр байгуулагдаж цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, бага ангийн багш, дуу хөгжмийн багш гэсэн 3 мэргэжлээр, 1994 онд найрал дууны ангийг шинээр нээн элсэлтийг зөвхөн Баян-Өлгий аймгаас авч байжээ.

       1997 онд сургуулийн статус өөрчлөгдөж УБИС-ийн харьяа Багшийн коллеж нэртэй болж Бага ангийн болон Дуу хөгжмийн ангийн тэнхим бий болсон ба элсэлтийн хүрээгээ тэлж Ховд, Увс, Улаанбаатар, Дархан, Шарын гол аймгаас оюутан элсүүлдэг болов.

        2001-2002 оны хичээлийн жилээс эхлэн бакалаврын сургалтад шилжиж казах хэл, уран зохиол ба математикийн багш мэргэжлээр оюутан элсүүлж эхэлсэн. Энэ хугацаанд элсэлтийн хүрээ нь өргөжин ОХУ-ын Кош-Агач муж, хөрш Казахстан, Турк Улсаас оюутан элсэн суралцах болсон.

      Тус сургууль бүс нутгийн хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, нөөц боломж, боловсон хүчин дээрээ түшиглэн сургалт явуулах боломжтой шинэ анги салбар нээн хичээллүүлэхэд ихээхэн анхаарсаар ирэв. Үүний дагуу ШУБСЯ-ны зөвшөөрлөөр 2003-2006 онд монгол хэл, уран зохиол, түүх нийгмийн, математик-мэдээлэл зүйн багшийн ангийн хөтөлбөрөөр сургалт нээжээ. 

      2010 оноос Ховд Их сургуулийн салбар болон өргөжиж Монгол улсын болон дэлхий нийтийн жишигт нийцэх, зах зээлд өрсөлдөх чадвартай бакалаврын төвшинд мэргэжилтэн бэлтгэхэд анхаарлаа хандуулан шинээр багш бус мэргэжлийн анги болох Менежмент байгаль-орчин экологи, дуу хөгжмийн багшийн  ангийг дахин сэргээн нээж элсэлтээ өргөжүүлсэн.

        1993-2012 он хүртэл нийт 21 удаа төгсөлт хийж дээр дурдагдсан бүх мэргэжлээр С диплом болон  бакалаврын боловсролтой 2000 шахам боловсон хүчнийг төгсгөжээ.