Menu

Сургалтын алба

Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар тогтоолоор “Багш, соёлын ажилтан бэлтгэх тусгай мэргэжлийн дунд сургууль” нэртэй үүсэн байгуулагдаж, бага ангийн багш, дуу хөгжмийн багш, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш бэлтгэх тусгай зөвшөөрлөөр 11 багш, 83 оюутан, 12 ажилтан бүхий үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

     Салбар сургуулийн сургалтын алба нь сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, суралцагсдад боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, хяналт, үнэлгээ хийх, чанарын дотоод баталгаажилтыг хангаж ажиллахыг ажлын гол чиглэл болгодог.

     Сургалтын алба нь Боловсрол судлал, арга зүйн тэнхим, Математик, байгалийн ухааны тэнхим, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхим гэсэн бүтэц, нэгжийн хүрээнд сургуулийн элсэлт, төгсөлт, оюутны үнэлгээ, багш болон оюутны хөгжил, сургалт, хүмүүжил,  олон нийтийн ажил зэрэг багш, оюутнуудад чиглэгдсэн бүхий л үйл ажиллагааг хариуцаж ажилладаг.

Салбар сургуулийн түүхэнд анхны хичээлийн эрхлэгчээр М.Махсут (1990-1997) ажиллаж байсан бол Ж.Биган (1997-2007), Х.Алмасбек (2007-2012), Ш.Мөнхцэцэг (2012-2014), М.Төвжаргал (2014-2015), А.Абзал (2015-) нар ажиллаж байв.

1990-1997 онуудад төгсөгчдөд тусгай боловсрол олгож байсан бол 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол Улсын Гэгээрлийн яамны 120 тоот тушаалаар УДБС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн Коллеж болж  статус нь өөрчлөгдөж, суралцагсдад дипломын дээд боловсрол олгож иржээ.

2001-2002 оны хичээлийн жилээс Математикийн багш, Казах хэл, уран зохиолын багш мэргэжлээр бакалаврын боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, анхны элсэлтээ авч эхэлсэн байна.

2012 оноос Менежмент, байгаль орчин экологийн мэргэжлийн ангийг нээж, анхны төгсөлтөө 2016 онд хийжээ.

2013 оноос зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нэг жилийн Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн мэргэжлийн нэг жилийн хөрвөх ангийг нээсэн.

2014 оноос Төв сургуультай хамтран Багшлах эрх олгох нэг жилийн хөрвөх ангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

2010-2011 оны хичээлийн жилээс Монгол Улсын засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болж өөрчлөн байгуулагдав.

Салбар сургууль нь 1993 онд анхны төгсөлтөө хийснээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, 25 удаагийн төгсөлтөөр 2774 гаруй мэргэжилтэн бэлтгэж гаргасан байна. Тус сургуулийн төгсөгчид Монгол улсын өнцөг булан бүрт, ялангуяа баруун 5 аймагт, Казахстан улсад мэргэжлээрээ болон нийгмийн бусад салбарт амжилттай ажиллаж, амьдарч байна.

     Дээд боловсролын салбарт хийгдсэн бодлогын шинэчлэлийн хүрээнд мэргэжлийн хөтөлбөрүүд өөрчлөгдөж, хөгжиж ирсэн бөгөөд одоогоор Монгол улсын БШУ-ны Сайдын 2014 оны А/78 дугаар тушаал “Мэргэжлийн хөтөлбөр, чиглэл, индекс шинэчлэн батлах тухай”, БСШУ-ны Сайдын 2014 оны А/174 дүгээр тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”, БШУ-ны Сайдын 2014 оны А/285  дугаар тушаал, түүний хавсралт “Бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь чиглэлд заавал судлах хичээлийн жагсаалт”-ыг тус тус үндэслэн боловсруулсан хөтөлбөрүүдийг 2014-2015 оны хичээлийн жилээс мөрдөж байна.

Сургуулийн сургалтын онцлог, давуу талууд

1. Бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх олон жилийн туршлагатай төрийн өмчийн сургууль,

2. Хоёр дахь шатны магадлан итгэмжлэл хийлгэсэн,

3.Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээлд хамрагдах бүрэн боломжтой,

4. Сургалт, хүмүүжлийн ажил явуулах материаллаг орчны хангамж сайн,

5. Орон нутагт бага зардлаар суралцах боломжтой.