Онцгой байдал зарласантай холбогдуулан сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.

+976 7042 2582
ulgii@bbkhu.edu.mn
Лого татах

ТОВЧ ТҮҮХ


Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 48-р тогтоолоор “Багш, соёлын ажилтан бэлтгэх тусгай мэргэжлийн дунд сургууль” нэртэй байгуулагдаж, бага ангийн багш, дуу хөгжмийн багш, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш бэлтгэх тусгай зөвшөөрлөөр 11 багш, 83 оюутан, 12 ажилтан албан хаагчтай үйл ажиллагаагаа эхэлж байсан 27 жилийн түүхтэй төрийн өмчийн сургууль юм.

Монгол Улсын Гэгээрлийн яамны 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 120 тоот тушаалаар УБДС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн Коллеж болж статус нь өөрчлөгдөж, суралцагчдад дипломын дээд боловсрол олгож байв. 2001-2002 оны хичээлийн жилээс Математикийн багш, Казах хэл, уран зохиолын багш, 2004-2005 оны хичээлийн жилээс түүх, нийгмийн ухааны багш, 2012 оноос Менежмент, байгаль орчин экологийн мэргэжлийн ангийг нээж, бакалаврын боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сургуулийн үйл ажиллагааны хүрээг тэлжээ.

2010-2011 оны хичээлийн жилээс Монгол Улсын засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болж өөрчлөн байгуулагдав. Эдгээр он жилүүдэд материаллаг бааз болон багшилах боловсон хүчний чадамжийг сайжруулах, сургалт хүмүүжлийн ажлыг чанаржуулах, гадаад харилцааг өргөжүүлэх, оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд онцгой анхааран ажиллаж ирсэн.

Тус сургууль нь 2003 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангаж 5 жилээр, 2009 онд хоёр дахь удаа 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн. Салбар сургууль нь 1993 онд анхны төгсөлтөө хийсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, 25 удаагийн төгсөлтөөр 2765 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн. Тус сургуулийн төгсөгчид Монгол улсын өнцөг булан бүрт, ялангуяа баруун 5 аймагт, Казахстан улсад мэргэжлээрээ болон нийгмийн бусад салбарт амжилттай ажиллан, амьдарч байгаа билээ.

Одоогоор тус сургуульд 28 багш, 22 ажилтан албан хаагч ажиллаж байгаа ба мэргэжлийн 3 тэнхимд багш мэргэжлийн-6, байгаль орчныг хамгаалах технологи мэргэжлийн-1 хөтөлбөрөөр 282 оюутанд сургалт, эрдэм шинжилгээ, хүмүүжил төлөвшлийн үйлчилгээ үзүүлж байна.